Мэндчилгээ

Мэндчилгээ

Юуны өмнө танд энэ өдрийн амар амгаланг айлтган 10 жилтэйгээ золгож байгаа ХБМСТ-тэй хамтран  ажиллаж байгаад талархал илэрхийлэн мэндчилье.

Танд хандан захидал бичихээр сууж байгаа энэ агшинд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар  угаавал хиргүй, цувж явсан барнаас цуглаж явсан шаазгай дээр” гэх ардын зүйр үгс орж ирж байна. Эдгээр  үгс нь хүний амьдралын хугацааны үе мөч бүрт эргэн санагдахдаа агуулга нь улам өргөн хүрээтэй болж үнэ  цэнэ нь илүү мэдрэгдэх шиг санагддаг юм. Та ч үүнтэй мөн санал нийлэх бизээ.

Тиймээ бид энэ хорвоод хүн болж төрөхдөө сайн сайхан, утга учиртай амьдрах гэж бүгд ирцгээсэн. Энэ  хугацаа харьцангуй бага ч бид ихийг бүтээж сайн сайхан амьдрахад бага хугацаа бас бишээ. Улаанбаатар  хотод төрж өсөөд дулаан байшинд амьдарч, боломжийн ажил хийж өөрийгөө болгоод явж буй надаас бусдын  жишгээр бизнес хийж ашиг хийх эрч хүч, цаг хугацаагаа гэр хорооллын иргэд та бүхний амьдрах орчноо  хамтаараа сайжруулах үйлсэд бага ч гэсэн зориулж байгааг гайхан асуудаг хүн цөөнгүй. Гэвч энэ нь барилга, хот байгуулалт, орон сууцны чиглэлээр 20 гаруй жил ажиллах хугацаанд орон зай нь үлдээд байгаа нь мэдрэгдэж байсан нэг зүйл бол амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад хүмүүс хүлээж суудаг хүртэгчид биш түүний төлөө ИДЭВХТЭЙ ОРОЛЦОГЧ, САНААЧЛАГЧ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ, ТҮҮНИЙ ЭЗЭН НЬ БАЙХ сэтгэлгээг суурин хэвшилд амьдарч буй иргэдэд ойлгуулах асуудал байсан бөгөөд энэ цаг үед хэн нэгэн үүнийг заавал хийх ёстой гэж ойлгон эхлүүлэн түүний төлөө сэтгэл шулуудан яваа минь энэ билээ.

Анх нэгэн төслийн удирдагчаар ажиллаж байхдаа хүн амын суурьшлын бүсийг ялангуяа гэр хорооллыг иргэдийн оролцоотойгоор амьдрах орчныг нь сайжруулахад тухайн өөрчлөлтийн үр шимийг хүртэх иргэд оршин суугчдын хамтарсан идэвхтэй оролцоо, санаачлага хамгийн чухал болохыг мэдэрсэн юм. Гэхдээ энэ бол цаг хугацаа шаардсан ажил юм билээ.

Хүний сэтгэлгээнд өөрчлөлт оруулна гэдэг бол санасны зоргоор захиргаадан шийдвэрлэдэг зүйл огт биш. Та бүхэнд хамгийн чухал зүйлийг хэн нэгэн төр засаг ч юм уу аль нэг мэргэжилтэн олж тогтоогоод хэрэгжүүлэхэд та өнөөдөр түүний үнэ цэнийг хамтран тодорхойлж эзэн болоогүй бол хүссэн амжилтад хүрэх боломж багасдаг.

Гэр хорооллын иргэдийг хамтаараа оршин тогтнож хамтран амьдрах орчин ахуйгаа өөрчлөхөд нь энэ чиглэлд төр, болон олон улсын байгууллагаас зарцуулсаар ирсэн цаашид зарцуулах боломжтой бүх төрлийн нөөцийг тэр тусмаа хөрөнгө оруулалт, санхүүжилтийн урсгалыг иргэдэд өөрсдөд нь хэрэгтэй нүдээ олсон зүйлсэд хандуулах нь хамгийн чухал. Үүний тулд иргэд тулгамдаж буй асуудлуудаа өөрсдөө тогтоон нийтлэг эрх ашигтаа нийцсэн жижиг ч атугай зүйлийг санаачлан өөрсдийн хүчээр хийснээр тэднийг хамтаараа бусдад өөрсдийгээ илэрхийлэх чадвартай болгож хамтран санаачилсан жижиг ажил нь томоохон ирээдүйн өөрчлөлт, хөгжлийг нээх зам болгох гэж зорьж байгаа билээ. Хэчнээн их мөнгө зарцуулаад, хэчнээн ашигтай төсөл хийгээд ч үр дүнг хүртэх иргэдийн идэвхитэй оролцоогүйгээр хийгдсэн бол тухайн ажил нэг удаагийн богино настай арга хэмжээ болоод өнгөрөх талтай. Иймд томоохон өөрчлөлтөнд иргэд хамтаараа бэлэн байх түүнд тэднийг сэтгэл зүйн хувьд бэлтгэх нь юу юунаас илүү чухал гэж үзээд энэхүү төрийн бус байгууллагыг мэргэжил нэгт сайхан сэтгэлт нөхдийнхөө хамтаар байгуулан ажилласаар эдүгээ 10 жилийн нүүр үзэж байна.

Биднээс ядуу амьдралтай олон сая хүн хамтын хүчээр, өөрсдийнхөө чармайлтаар амьдрал ахуйгаа өөрчилж байгааг уншиж олон орны жишээн дээр газар дээр нь үзэж танилцаад үүнийг Монголын хүн арддаа ялангуяа гэр хорооллын иргэддээ хүргэх чин сэтгэл өвөрлөн энэхүү ажлыг эхлүүлсэн билээ.

Та бүхний оролцоо дэмжлэгээр эдүгээ бид чамгүй зүйл хийж амжуулаад байгаа хэдий ч хийсэн зүйлдээ бярдах бус алдаа дээрээ цаг алдалгүй суралцаж улам ихийг бүтээх та нарынхаа төлөө улам эрчимтэй ажиллахын тулд танд та бүхэндээ хандан сэтгэлээ хуваалцаж байгаа минь энэ. Аливаа зүйлийг амжилттай хийхэд оролцогч талуудын идэвх санаачлага, чармайлт, харилцан итгэлцэл. хариуцлага их чухал байдаг.

Энэ хугацаанд бид аль болох бэлэнчлэх сэтгэлгээнээс ангижирч бодит зүйлийг хамтаараа санаачлан амьдрах орчиндоо жижиг ч атугай өөрчлөлтийг хийж үр дүнг харж улам ихийг бүтээх хүсэл эрмэлзлийг бий болгон бусдаас үл хамааран өөрөө өөрсдийнхөө амьдралыг өөрчлөгч сэтгэлгээг бий болгохоор зорьж бид ч бас та нартайгаа хамт суралцсаар ирлээ.

Та өөрөө өөрсдийнхөө төлөө хариуцлагатай байх үүргээ ухамсарлан хөршүүдтэйгээ нийлэн хуримтлалын бүлэг байгуулан гишүүн болсноор хамтаараа санаачлан, хамтаараа хэрэгжүүлэн, хамтаараа сайхан амьдрах үйлсээ цогцлон бүтээхийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж буй билээ. Энэ бол юуны өмнө маш том алхам.

Нэг дор оршин сууж байгаа хэн бүхэн бие биенээсээ хамааралтай тиймээс харилцан хариуцлага хүлээж амьдарцгааж байгаа. Энэхүү хуримтлал нь багахан хэмжээний мөнгө цуглуулж байгаа боловч энэ нь зөвхөн мөнгө бус нэг дор амьдарч буй хүмүүсийн санаа бодлыг хуримтлуулж нэгтгэж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл зөвхөн өөриин хашаа, гэр байраа арчлаад байдаг бус хамтын эзэмшдэг гудамж талбайгаа анхаарч, хамтаараз суурин газарт хамтарч амьдарч харилцан хариуцлага хүлээх тэр үйл ажиллагаанд суралцаж хэвшүүлэхэд чиглүүлж байгаа үйл хэрэг билээ. Иймээс би хуримтлалын бүлгийг хүмүүсийг, тэдгээрийн хооронд итгэлцэл, эрч хүч, хамтын хөгжлийн хуримтлал гэж үзлэг. Өнөөдрийн байдлаар харахад бүлэг болоод нэг төсөл санаачлан хэрэгжүүлээд л хэдэн төгрөг хөнгөлөлттэй ч юм уу, буцалтгүй тусламж хэлбэрээр авах эрмэлзэлтэй хүмүүс бүлэг болж нэг удаа тодорхой хэмжээний санхүүжилт аваад амьдрах орчин нөхцөлдөө бага зэрэг өөрчлөлт хийнгүүтээ тайвшрах хандлага ажиглагдаж байна. Түүнээс гадна төсөл хөтөлбөрт хамрагдаж сурсан хэсэг хүмүүс л боломжийг хүртээд цаана нь өөрийгөө болгоод хөдөлмөрлөөд явдаг хүмүүс үлдээд байна. Мөн дундаж амьдралтай болон тодорхой хэмжээний эрх мэдэлтэй хүмүүс дээр гол санаачлага төвлөрөөд жирийн иргэдийн манлайлах боломж бага байх хандлага бас харагдаад байна. Иймд жигд оролцоог хангах бага орлоготой олон ядуу иргэдийг илүү идэвхитэй оролцуулах боломжийг бас анхаармаар байна. Оролцоо гэдэг бол цөөхөн тооны төлөөллийн оролцоо биш юмаа.

Түүнчлэн нэг гудамжны идэвхитэй хэдэн айлууд нэгдчихээд бусдыгаа татан оролцуулах тал дээр санаачлага гаргахгүй зөвхөн өөрсдөө байх хандлага ажиглагдаж байна. Мөн орон сууцны зээл авч шинэ байшин барьж сууцны нөхцлөө сайжруулсан авч төлбөрөө хийхгүй түүнд хамтын хариуцлагатайгаар хандан дараагийн өөр шиг нь хэрэгцээтэй хүнд хүртээх боломжийг хааж байгаад туйлын харамсаж байна. Энэ нь дараа дараагийн та нар шиг сэтгэлийн болон санхүүгийн дэмжлэг хүсэж байгаа болон бидний зорьж буй тэр үйлсийг амжилттай хийхэд бэрхшээл үүсгэж байгаа тул үүнийг анхааруулах зорилгоор цаашид улам нягт хамтран ажиллах зорилгоор энэхүү захидлыг танд илгээж байгаа юм. Мөн зөвхөн санхүүжилт авах болохорр идэвх гаргачхаад бусад үед хойшоо сууж төлөөлөн сонгосон хүйний ажил мэт хайхрамжгүй хандаж байгаа нь та бүхний сайн сайхны төлөө буяныг бодон цаг заваа гарган ажиллаж байгаа санхүүжүүлж байгаа гадаадын болон дотоодын хүмүүст сэтгэл гонсойх үе бас харагдаж байгааг нуух юун.

Бидний зорьсон зүйл бол иргэд хамтран жижиг өөрчлөлтийг хийнгээ улмаар хүрээгээ тэлэн эргэн тойрны бусад айл өрхүүдийг нэгтгэн улмаар өөрийн гэр, байшин, хашаа, гудамжиндаа эерэг өөрчлөлт шинэчлэлтийг хийснээр тухайн хэсэг хороо, баг, дүүрэг, аймаг хотын хэмжээнд иргэдийн оролцоотой бодит хөгжил дэвшлийг бий болгох давалгааг бий болгох цаашилбал засгийн газар, бусад олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдан өөрсдөд нь юу хэрэгтэй байгааг хамтран тодорхойлж илэрхийлэн түүнийхээ эзэн байж хамтран хэрэгжүүлэх замаар амьдрах орчин орон сууц, дэд бүтцээ сайжруулах боломжийг нээж өгөх зорилго тээж яваа билээ.

Бас нэг зүйлийг онцлон тэмдэглэмээр байна. ХБМСТ нь төр засгийн шугамаар хэрэгжүүлж байгаа ямар нэгэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч биш. Харин бид гэр хорооллын иргэдийг амьдрах орчноо хамтын хүчээр өөрчилж шинэчлэхийн төлөө зүтгэж түүнд суралцаж яваа ашгийн бус нийгэмд үйлчилдэг байгууллага. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхийн тулд бусад улс оронд хэрэгжиж байгаа үйл ажиллагаанаас туршлага судлан хамтран ажиллаж та бүхний хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахаар чадавхи бэхжүүлэх болон бага хэмжээний санхүүгийн дэмжлэгийг өөрсдийн хүчээр оруулж ирж эдүгээ 10 шахам суурин газарт сургалт төслүүд хэрэгжүүлж байна..

Бидний эхэлсэн үйл танаас, биднээс, таны эргэн тойрон байгаа бусад гишүүд, орон нутгийн хуримтлалын бүлгийн холбоонд сонгогдон ажиллаж байгаа хүмүүс болон орон нутгийн захиргааны дэмжлэг зэргээс ихээхэн шалтгаалж байгаа билээ. Иймд хуримтлалын бүлгийн үйл ажиллагаагаар дамжуулан амьдрах орчин ахуй нөхцлөө өөрсдийн идэвхитэй оролцоотой сайжруулахаар эхэлсэн ажилдаа улам санаачлагатай, хариуцлагатай хандаж хамтран ажиллахыг ТАНААС хүсэж байна.

Мөн хамтран зүтгэж буй бүлгийн бүх гишүүддээ, дундаасаа сонгон итгэл хүлээлгэсэн бүлгийн ахлагч нар, хуримтлалын холбооны гишүүддээ талархан нэг гудамжинд амьдарч байгаа иргэдээ аль болох өргөнөөр татан оруулан ихийг санаачлан бүтээн хамтран ажиллахыг ТАНААС хүсье Бид хүлээх бус, өнөөдөр, яг одоо өөрсдийнхөө сайн сайхны төлөө улам нэгдэн нягтран хийсэн, санаачилсан бүхнээ улам бэхжүүлцгээе.

Энэ шинэ үйлсэд анхдагч байж манлайлан ажиллаж байгаа хуримтлалын бүлгийн гишүүн танд болон танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!


Таныг хүндэтгэсэн,

Хот Байгуулалтын Мэдээлэл Судалгааны Төвийн Тэргүүн Ц.Энхбаяр

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Их Тойруу, 78-р байр, 7 давхар, 35 тоот, Монгол улс, Улаанбаатар хот
Утас: (976) 7733 1418, (976) 9902 4255 Цахим Шуудан: info@udrc.mn
2016 он