Гэр хороолол

Гэр хороолол

1954 онд нийслэл хотын хүн ам 54 мянга байсан бол 1978 онд 348.7 мянга, 1986 онд 493 мянга болж өссөн байна.

Монгол улс 1990-ээд оны эхээр зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орсноор нийслэл, аймаг, сумын төвийн хот суурин газруудад үйлдвэр үйлчилгээний газрууд зогсонги байдалд орж, мөнгөний ханш унаж, амьжиргааны өртөг нэмэгдсэн зэргээс ажилгүйдэл, ядуурал бий бопжээ. Үүнтэй уялдаад нийслэл хот руу чиглэсэн нүүдэл ихэссэнээс Улаанбаатар хотын хүн амын тоо огцом огцмоор нэмэгдэж байлаа. 1989 онд нийслэл хот 548.4 мянган хүн амтай байсан бол 2000 он гэхэд 760.1 мянган хүн амтай болсон байлаа.

Хөдөөд мал хувийн өмчид шилжиж, малын тоо толгой өссөн хэдий ч хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр бэлчээрийн хомсдол, бэлчээрийн талхагдал, ган зуд зэрэг байгалийн гамшгийн давтамж ихсэх боллоо. Энэ нь хөдөөгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон малын тоо толгойг ихээр хорогдуулж, улмаар хөдөөд ажилгүйдэл, ядуурал газар авлаа. Амьжиргааны эх үүсвэргүй болсон малчдын цуваа нийслэлийн зүг рүү өнөөдрийг хүртэл чиглэсээр байна. 2000 онд 760.1 мянган хүн амтай байсан нийслэлийн ачаалал нэмэгдэж хүн ам нь 2002 он гэхэд 846.5 мянга, 2004 он гэхэд 928.5 мянга болтлоо өссөн байна.

Хувьсгалаас өмнө 600-аадхан мянган хүн амтай байсан Монгол улсын хүн ам 2004 оны эцэс гэхэд 2.5 сая орчим болтлоо өссөн бол 1950-иад оны эхэн үед 50 гаруй мянган хүн амтай байсан нийслэл хотын хүн ам 1 сая орчим болж өсчээ. Манай улсын нийт хүн амын 49.1 хувь нь буюу 928.5 мянга нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна.

Эрт дээр үөэс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчуудын хувьд эсгий гэр хамгийн тохиромжтой сууц болсоор иржээ. Өнөөдөр ч энэ соёлоо хадгалсаар ирсний нэг тод жишээ бол нийслэл хот дахь гэр хороолол юм. Өнөөдөр Улаанбаатар хотын нийт хүн амын 58.5 хувь буюу 120208 өрхийн 535.6 мянган хүн гэр хороололд, 41.5% буюу 392.9 мянган хүн орон сууцны хороололд амьдарч байна.

Улаанбаатар хот монгол улсын хамгийн том хот бөгөөд улсын нийт суурин хүн амын 32.3% буюу 3 хүн тутмын 1 нь байнга оршин суудаг газар болжээ. 2004 оны байдлаар хүн амын нягтрал нийслэлийн 1 хавтгай дөрвөлжин км талбайд 194 хүн ногдож байгаа нь улсын дунджаас 120 дахин их байна. Гэтэл судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн даац 400 мянган хүнтэй байхаар гарсан бол өнөөдрийн байдлаар 2.2 дахин их хүн ам оршин сууж, цаашид ч улам нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Хөдөө орон нутгаас 2002 онд 23677, 2003 онд 40760, 2004 онд 68808 хүн нийслэлд шилжин ирж, нийслэлийн хүн амын 2004 оны механик өсөлт ердийн өсөлтөөс 7.7 дахин их болжээ. Мөн энэ нь Эрдэнэт, Дархан хот тэр чигээрээ буюу 3-5 аймгийн төвийн оршин суугчдийг нийлүүлсэн хэмжээтэй тэнцэхүйц хүн ам нийслэл рүү нүүдэллэн иржээ гэсэн үг юм.

2003 оны нийслэлийн газрын улсын тооллого бүртгэлээр нийслэлийн хэмжээнд нийт 3448.97 га талбай бүхий 67929 хашаанд 84637 өрх оршин сууж байсан бол 2004 оны 10-р сарын байдлаар шинээр 267.06 га газарт 4951 хашаа нэмэгджээ.

Нийслэл хотод хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоо сүүлийн үед огцом өсч байгаа нь гэр хорооллын талбай тэлэх нэг гол нөхцөл шалтгаан нь болж байгаагийн сацуу гэр хорооллын төлөвлөгдөөгүй сууршлыг бий болгож, эмх замбараагүй байдлыг даамжруулж байгаа юм. Тэд зөвшөөрөгдөөгүй, амьдрахад тохиромжгүй, бүр тодруулбал гал ус, үер, салхи шуурганд өртөж болзошгүй газарт дур мэдэн хашаа хороогоо босгож байна. 2003 оны 4-р сарын 11-нд гаргасан судалгаагаар зөрчилтэй нийт 9007 өрхөөс зөвшөөрөлгүй буусан 4810 өрх, холбооны шугам дээр 238, цэвэр усны шугам дээр 385, үерийн далангийн дагуу болон суваг шуудуунд 2079, өндөр хүчдэлийн шугам доор 1485 өох буусан нь тогтоогджээ. Тэгвэл 2003-2004 онд нийслэлд хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоо өдөрт дунджаар 42 өрх байсан гэж үзвэл хотын ойролцоо сууршиж болохуйц газар хязгаарлагдмал байгаа бөгөөд өнөөдөр байдал улам хэцүүдэж байгаа нь ойлгомжтой. Мөн үүний сацуу нийслэлийн гэр хороололд дэд бүтэц сайн хөгжөөгүй, инженерийн хангамжтай хэсэг орон сууцны хорооллоо бодвол хомс байгаа зэрэг нь гэр хороололд амьдарч байгаа иргэдийн нийгмийн болон бусад олон асуудлыг шийдэхэд хүндрэл учруулсаар байна.

Улаанбаатар хотын хүн ам, үйлдвэр аж ахуйн газруудын усны хэрэгцээг хангах зориулалтаар 4 эх үүсвэрийн 160 гүний худгаас 2 өргөгч насосны станцаар дамжуулан хоногт 170 гаруй мянган куб метр цэвэр ус олборлон түгээдэг. Өнөөдөр нийслэлийн гэр хороололд зөөврийн усан хангамжийн 269 ус түгээх байр, 43 усны машинаар ус түгээх үйлчилгээг үзүүлдэг ч нийт өрхийн 80 орчим хувь нь энэ үйлчилгээнд хамрагдаж чаддаг байна. Харин үлдсэн хэсэг нь нуур цөөрөм, бороо цасны усыг хоол унд, ахуйн хэрэглээндээ хэрэглэж байна. Халуун хүйтэн усны хангамж бүхий төвийн холболттой орон сууцны барилгад хоногт 1 хүн 328 литр, гэр хороололд 5.2л ус хэрэглэж байна.

Жилд нэг өрх дунджаар 4-6 тонн нүүрс, 3-4 шоо метр түлээ түлж улмаар үнс, хог хаягдал, угаадсаа ил задгай хаяж байгаа нь агаар мандал, газрын хөрс, орчноо бохирдуулахын сацуу өөрсдийн эрүүл мэндийг хохирооход хүргэж байгаа юм. Нийслэлийн газрын нөхцлийг харгалзалгүй ашигласнаас болж хөрсний эвдрэл үүсч, уулын чулуулаг цухуйснаас айл өрхүүдийн тээврийн хэрэгсэл хүрэхэд бэрхшээлтэй болжээ. Мөн гэр хороололд бохирын цооногийн асуудлыг шийдвэрлээгүйгээс айл өрхийн жорлон, муу усны нүхний 50 гаруй хувь стандартын шаардлага хангахгүй байгаа, мөн хөрс, хөрсөн доорх усны бохирдолтын зэргийг нэмэхийн сацуу цаашид ч удам ихсэх нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.

Хаяг:

Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7-р хороолол, Их Тойруу, 78-р байр, 7 давхар, 35 тоот, Монгол улс, Улаанбаатар хот
Утас: (976) 7733 1418, (976) 9902 4255 Цахим Шуудан: info@udrc.mn
2016 он